Аавтай минь бүжиглээч
Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрүүлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно.
Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хүрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өөр аль байдгаараа гараа гаргаж бялуу, салатнаас авхуулаад бүгдийг өөрөө хийж, өнөө цагийн хүүхдүүд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлаваа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хүлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой мэт боддог байж. Ээж маань харин утсаар ярьсангүй. За даа хэд хоногийн дараа “ ярих гэсэн чинь зав гардаггүй” гэдэг ч юмуу ямар нэг юм хэлэх байх. Сүүлийн хэдэн жил нэг тиймэрхүү л байгаам.
Өчигдөр оройхон хэдэн найзууд ирж баяр хүргээд, кино үзэхээр гарахад аав маань нэг л өөр хайрласан, хармалсан харцаар харж “миний охин болгоомжтой яваарай” гэсээр үлдсэнсэн. Сая яагаад ч юм аавыгаа өрөвдөх шиг санагдлаа. Өнөөдөр аав маань ажлынхаа газрын үдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаа даа санаа нь зовоод байгаа бололтой эргэцээд л, ээрээд л байсан.
Манайх гэдэг саяхан л элэг бүтэн , бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бүү мэд намайг аравтай байхад ээж маань гадаадад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очихоор болов. Гэтэл өнөө гайтай виз гэдэг нь гардаггүй ээ. Эхний үед ээж маань өдөр алгасахгүй шахам утсаар ярьж, гэр орноо цэвэр байлгах, аавыгаа харж хандах, өөрөө ч удалгүй ирэх тухай ярьдаг байсансан. Хаа нэг хүнээр хэдэн төгрөг,хувцас хунар, чихэрхэн явуулна. Мөнгийг нь мэдэхгүй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хүлхэж, гоё хувцас өмссөн ганган охин таваргадаг байж дээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ээжийн минь ярих ч цөөрсөөр сүүлдээ төрсөн өдрөөр л нэг ярьдаг болж билээ. Гэтэл энэ жил төрсөн өдрөөр ч ярьсангүй дээ. Хөөрхий аав минь өчигдөр “утсаа чөлөөтэй байлгаарай “ гээд байсан бодвол бас л харж л байсан байхдаа.
Аав ээж хоёр маань өндөр, нуруулаг, царайлаг, бас олон найз нөхөдтэй болоод тэрүү манайхаар их хүн орж гардаг, инээлдэж шуугилддаг сайхан айл байж.
Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн үдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Өвлийн өвгөн тэнд очсон хүүхдүүдэд бэлэг өгөөд л, томчууд тэнд бүжиглээд л... Тэгэхэд манай аав ээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гүн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан. Тэр хоёр бүжиг эргээд л эргээд л... Би тэр хоёрыгоо хараад “энэ манай ээж аав хоёр“ гээд л хавийн хүмүүст хэлээд л... Бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “одоо охиноо баярлуулнаа” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтиран гулган тоглоод л ... гоё байжээ. Бараг энэ мөч бидний хамтаа байсан хамгийн сүүлчийн мөч байх. Тэрнээс хойш аав маань зургаан жил тэр үдэшлэгэндээ яваагүй юм. Энэ жил би бүр эртнээс үглэж, хэлж байж, зарим нэг юман дээр “намайг ингэвэл та үдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арай хийж явуулж байгаа маань энэ.
Яагаад гэвэл саяхан сарын өмнө дөө би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мөнгийг миний нэр дээр хадгалсан хадгаламжийн дэвтэр, өөр бас нэг захиа олсым.
Тэр нь ээжээс аавд дөрвөн жилийн өмнө бичсэн захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг үзэх үзэл, аавыгаа үнэлэх үнэлэмжийг орвонгоор нь өөрчилсийм даа.
Тэр захианд ээж маань хүний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарч байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгүй боллоо гэхэд ямархан хэцүү байснаа хүртэл бичиж.
Энэ хүртэл уншиж байхдаа би ээжийгээ өрөвдөж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа.
Тэгээд цааш нь унштал хүний нутагт таних мэдэх хүнгүй ядарч явахад юуханаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн боловч сайн хүн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн нэг хүнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр өөрийгөө олиггүй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн мэдэрч байгаа хэдий ч өөрийгөө татаж авч чадахгүй байсаар тэр хүнтэйгээ дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа. Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад гэхдээ үүнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгүй болсныгоо аавд минь хэлсэн байсым.
Захианыхаа төгсгөлд чамд хэлэхэд хичнээн хэцүү байгаа ч охиноо өөр дээрээ авч энэ сайхан газарт өсгөж хүмүүжүүлмээр байна. Чамайг охиныхоо ирээдүйг бодоод зөвшөөрнө гэдэгт найдаж байна гэжээ.
Энэ хүртэл уншаад би аавыгаа ямар их өрөвдсөн гээ. Муу аав маань аль дөрвөн жилийн өмнө энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгүй л юм даа. Зарим аавууд иймэрхүү юм болохоор амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хүүхэн болоод л, үр хүүхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгүй юм. Харин ч улам бүр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Өчигдөр аав маань “миний охин одоо хүний зэрэгт хүрэх нь. Яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгүйгээр өнчин юм шиг л байгаа даа” гэж байсан. Бодвол “нээрээ л сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх.
Үгүй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгүй. Өд сөд нь ургаад, цаг нь болохоор ямар ч ангаахай үүрээ орхин нисдэгийн адил би нэг л өдөр нисэх л болно. Түүнээс биш энэ нь арай илүү дээр, тэр нь арай илүү гоё тансаг гэж л таныгаа орхихгүй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хүн болгон төрүүлснийг нь бодоод буруутгаж чадахгүй нь. Буруутгалаа гээд бүх юм буцаад эвэндээ орох биш дээ.
Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болох л байсан даа...
Одоо би тэс өөр юм хүсэж байна. Бүр асар ихээр хүсэж байна. Хэн нэгэн танихгүй эгч аавтай минь бүжиглээсэй гэж. Бүр эргэлдэнхэн, эргэлдэнхэн бүжиглээсэй. Усыг эргүүлэхээр цацардаг шиг, аавын минь сэтгэл доторхи гунигийг гадагшаа гартал нь эргэлдэж бүжиглээсэй. Би ингэж л хүсэж байна. Үнэхээр шүү...
... Ботгоо голсон ингэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хөөслөхөд, хөөрхий ингэ том том нулимс бөмбөрүүлэн байж ботгоо үнэрлэж байгаа тухай зурагтаар гарсаар байлаа...
www.bumerdene.blogspot.com